Friday, February 22, 2008

Хөвсгөрхөн цагаан цас...ээжийн тухай бодол

Шөнөжин цас ороод хоносон бололтой. Өглөө сэрээд л харлаа. Гадаа хамаг юм цав цагаан. Одоо ч үргэлжлэн орсоор л байна. Өвөлжингөө л цас орохгүй байна гээд л гомдоллоод, уулзсан учирсан, ярьсан чааталсан хүн болгонд л цас мөрөөдөж байгаагаа хэлээд байсан чинь Тэнгэр хангай хүсэлтийг минь сонсоод, "харж үзэн" цагаахан цасаа харамгүй буулгаж байнаа. Бушуухан гарч хэн ч гишгэж амжаагүй шинэхэн цасан дээр арзгар ултай гутлаараа "тракторын дугуйны мөр" гаргах минь. Нэг ийм хоббитой байлаа, багадаа.
Блогтоо хэдэн үг биччихээд гаръюу гэж бодоод...
Алсад суугаа ээжийгээ зүүдэллээ, өнөө өглөө. Би гэдэг хүн өглөө хар эрт 5.45-д сэрээд, орой тэгж ингэсээр яаж ийгээд л 12 болгож унтдаг болохоор дэр толгой хоёр нийлэв үү, гүй юү л "тас" явчихдаг юм. Тэгээд л сэрүүлэгний дуугаар л сэрнэ. Нөгөө олон зочин амьтдаас болоод хоёр гурван шөнийн нойр хугасарсныг эс тооцвол зүүд ч зүүдлэхгүй л нам унтдаг юм ш дээ... Гэхдээ бас яаж зүгээр байх вэ, заримдаа үүрээр сэрэхийнхээ өмнө зүүдэлнээ. Тийм зүүд их тод санагддаг юм. Нэг удаа бүр блогоо зүүдлээд байлуу, яалаа? Хэхэ. Тэгсэн ш дээ, нээрээ...
Өнөө өглөө муу ээжийгээ зүүдлээд... Тэгээд ээжийнхээ тухай хэдэн үг бичмээр санагдав.
Миний ээжий
Жирийн нэгэн монгол бүсгүй
Миний ээжий
Жавхаалаг нэгэн эмэгтэй

гэдэг шиг миний ээжий ухаалаг, зоригтой, өөртөө итгэлтэй, мэргэжил мэдлэгтэй сайхан хүн... Аавыг минь өөд болсноос хойш хоёр охиноо хүний зэрэгт хүргэх гэж гав ганцаараа гар хумхилгүй ажиллаж, гадаа гарч эр, гэрт орж эм болсоор залуу сайхан насаа бидэндээ зориулсан даа.
Аав ээжийн хайртай эрх охин би аавыгаа холын холд яваад өгснөөс хойш ээждээ л эрхлэн туньж, эгчдээ зүүгдэн гэрт гадаа тоглон наадсаар хөл дөрөөнд гар ганзаганд хүрчээ.
Бага насаа жаахан дурсаадах уу?
Ээжийгээ ганц амралтын өдрөөрөө буйдан дээр суугаад ном уншихад нь ч зүгээр байлгахгүй, хөлөнд нь урт резиний нэг талыг углаж, нөгөөхийг нь сандлын хөлөнд хийчихээд гэртээ резин тоглодог байлаа. Яаж ч үсэрч цовхчиж байсан, манайхны байрнуудын шал зузаан, доод айл хэрүүл тэмцэл хийж байсангүй дээ... Манай дээд айл бүр 3 эрэгтэй хүүхэдтэй. Гэртээ гүйдэг маатаг тоглодог байсан гэдэг ш дээ.
Ээж заримдаа миний охин сандлынхаа хөлөнд хийж байгаад тоглооч дээ гэхээр нь сандал чинь хэтэрхий бүдүүн юмаа гээд л, санаа нь бол заавал ээжийгээ хажуудаа байлгах гээд л...
Ээжийгээ оройтохоор нь эгчтэйгээ тосноо. Тэр үед чинь элдэв хурал цуглаан, намын дугуйлан энэ тэр гээд оройтно, зарим өглөө лекц, сонин уншлага энэ тэр гээд хар эрт явдаг байж билээ. Ээж оройтох болохоороо утсаар хэлдэг байхгүй юу. Тэдэн цагийн алдад очно, хоол ундаа хийж идээд байж байгаарай гээд. Ирэх цагий нь дөхүүлээд л эгч бид хоёр автобусны буудал руу гарна даа. Холгүй л дээ. 10 минутын л зайтай газар. Гудамж заримдаа овоо гэрэлтэй, заримдаа бүр таг харанхуй байдаг болохоор эгч бид хоёр ээждээ санаа зовоод цаг яагаа ч гүй байхад л автобусны буудал дээр хүлээгээд зогсчихдог байсан. Өвлийн хүйтэнд тэгж ээжийгээ хүлээхээрээ хоёулаа заримдаа даарнаа, явган хүний зам дээр тогтсон мөсөн дээр бие биенээ чирч гулгаж тоглоод л дулаацаж, хамаг хөлс нь цувсан, уур цан савссан хоёр юм байж байдаг байж билээ...
Заримдаа ээжийнхээ өвөрт унтмаар санагдаад, жаахан томроод ирсэн чинь бас яг өвөрт нь унтахаасаа нэрэлхээд орных нь урдуур эвхдэг ор засаад унтаад өгдөг байж билээ. Маргааш өглөө нь босчихоод орой нь болж өгвөл тэндээ унтчих санаатай, эвхдэг ороо хураахгүй, эндээ байж л байг л дээ гээд л бөөн юм болноо...
Миний муу ээж ааваас минь хойш олон жил ганцаараа зүтгэж биднийг өсгөж хүмүүжилсэн. Харин тэр нэгэн өвөл ээжтэйгээ хамт 120 мянгатад байдаг хамаатныдаа очоод буцаж явахдаа автобусанд нэг хүнтэй тааралдсан нь ээжийн минь бүр багын найз байж, тун удалгүй ээжтэй минь ханилан, ааваас хойш дандаа "шингэн дуутнууд" амьдарч байсан манайх гэдэг айл олоон жилийн дараа "эр хүн"-тэй болсон юм даа. Хар багаасаа л гэртээ унтлагынхаа хувцастай гүйгээд сурчихсан эгч бид хоёр том охидууд болчихсон хэрнээ л нөгөө хүнийх нь хажуугаар нөмгөн нүцгэн гүйчих гээд мөн ч их загнуулдаг сан.
Шилжилтийн насандаа явж байсан надад ээжийн маань гэрлэлт тийм ч таатай байгаагүй. Байнга л үл ойлголцол үүсч, нүдэндээ нулимстай, олон хоног сарыг үдэж билээ. Одоо бодоход, би мөн ч ухаан муутай байж дээ гэж бодогддог. Бид том болоод л амьдралаа хөөгөөд яваад өгөхөд ээж маань ганцаархнаа л торойгоод үлдэх байсан юм билээ. Гэтэл миний ээж зориг гаргаж, алдаж онож явсан багын найзтайгаа ханилж, амьдралаа өөрчлөн үр хүүхэд хүртэл төрүүлээд авсан хатан зоригт эмэгтэй шүү. Би гэдэг эрх хатагтай томоо болсон хойноо бяцхан дүүтэй болж, аниа болсон түүхтэй. Одоо ч их том хархүү болсоон, миний дүү. Хэдэн жилийн өмнө хойт аав маань өвчнөөр өөд болж, ээжид минь ганц хань болж байгаа хүн нь хэнзхэн дүү минь болоод байгаа. Хоёр ч ханиа алдан, амьдралын хатуу хүтүүг туулж яваа миний ээж нугарч хугаралгүй, үр хүүхэд бидэндээ түшиг болж, сургаал юугаа айлдсаар энх тунх амьдарч байгаа...
Ээж таныхаа гарын сайхан цайг мөн ч их санаж байна даа. Нутагтаа байхдаа, ойр ойрхон орж гардаг байхдаа арвайн гурил, шар тостой самарсан сайхан шаргал цайг нь амтархан ууж, "Очлоо" гээд утасдахад л хэзээдээ амжуулчихдаг юм, хийгээд хөвөнтэй хантаазаар хучаад тавьчихсан халуун хуушуурыг чинь амтархан идэж байсан тэр үе амьдралын минь хамгийн жаргалтай мөчүүдийн нэг байжээ гэж одоо охин нь бодоод л сууж байна...
Тунирхуу гэж нээрээ, муу ээж минь их тунирхуу хүн дээ. Жаахан л юм санаснаар нь болохгүй бол хэд хоног дуугарахгүй, утас шөрмөсөө авахгүй айлгачихна. Миний дугаарыг харчихаад гүрийгээд утсаа авахгүй, тэгэхээр нь заримдаа найзынхаа утсаар гэнэт залгаад, ээж минь гэнэдээд утсаа авчихаар нь аргадах гэж бөөн юм болдог сон... Өөр хэндээ ч эрхэлж туних билээ дээ, ээж минь...
Ээжийгээ энд авчирч газар үзүүлэх бодолтой яваа. Яг төдийд өдийд гэж амлахгүй ч гэсэн, нэг их удахгүй энд уулзахын ерөөл тавья даа...

Монголын үзэсгэлэн Сарангуа намайг төрүүлсэн ээжий
Яруу сайхан эгшгээрээ бөн бөн бүүвэйлсэн ээжий
Зөөлөн цагаан гараараа хөдөлгөн өсгөсөн ээжий
Зүйтэй уран үгсээрээ сурган хүмүүжүүлсэн ээжий...


Нэг ийм дуу санаад нэмж орууллаа...

Үүрд хамт байгаач ээж ээ

Хэрвээ хүмүүс цэцэгхэн гэвэл
Хээр талын хэнзхэн сарнай би
Арвин дэлхийн ачлалт ээж Таныхаа
Алганы толион дээр ургасан байж таарна

Өнгийн цэцгийг тансагхан гэвэл
Өргөн дэлхийг магтахын аргагүй
Өөрийн тань үрийг нар шиг гэвэл
Үлэмжийн гэрэл нь Таных байж таарна

Дээдийн жаргалыг Тандаа амлаагүй ч
Дэлгэр зун шиг насаараа ивээе
Тэнгэр шиг ачлал Таных шүү, ээж ээ
Дэлхий шиг хүндлэл минийх шүү, ээж ээ.

Учрах зүүдний сайхан дагинас
Үзэх нүднээ өдрийн солонго
Үр тань Таныгаа хайрлана шүү, ээж ээ
Үндэс мөчир шиг
Үүрд хамт байгаач, ээж ээ.


Энэ дууг бүр бага ангид байхдаа сурч байсан ч ерөөсөө мартдаггүй юм. Санаандаа бууснаар бичсэн тул буруу зөрүү ч байж магадгүй. Залруулж өгөөрэй, мэддэг нэг нь...
Бас нэг дуу

Хорвоод ганцхан ээждээ

Наран наадавч харламгүй
Насны салхитай үсийг тань
Ариун Гангын усаар угааж
Ачийг тань нэг хариулахсан

Гургалдай дуулавч толиймгүй
Насны сүүдэртэй магнайг тань
Мянган шөнө алгаараа дулаацуулж
Сэтгэлийг тань нэг баясуулахсан

Томоогүй явж боллоо ээж ээ
Тогоруу буцаж зэгс шаргалтлаа
Хорвоод намар ирдгийг мартсан
Хонгор хүүгээ уучлаач ээж ээ

Цурамгүй хонуулсан насаа
Цэцэг болгон өргөе
Зул цэцэг шиг залуу нас минь
Зуу наславч илч хайрлаг даа...


Хорвоогийн бүх ээжүүдэд эрүүл энхийг хүсьеэ.

15 comments:

tenemel said...

wow..goe bichjee..ex xyn gej jugaar ch zuirleshgui shuu..

болжгоно said...

Ганаа аниа маань ээжийгээ санаа юу даа, их хөөрхөн дурсамж бичижээ. Ээжийн болжгоно байсан юм байна шүү. МУГЖ Хоролсүрэн гуайн энэ дуу үнэхээр сайхан дуу шүү. Одоог хүртэл чихэнд хангинах шиг санагдлаа. Дууг амилуулж чадна гэж агуу юм даа.

tenemel said...

estoi goe duu bna..byyr baga nas sanagdchixlaa..bi ch eejiigee neg ix sain medexgui ..tanixgui..7 nastai bxad mini bxgui bolchixson..tegeed iim duu xaaya ix sonsdog baij bilee..;-) Odoo bol zarim neg saixan dursamjuud uldsen..

Tsegmee said...
This post has been removed by the author.
Tsegmee said...

Та нээрээ нүдэнд харагдтал, сэтгэлд минь хүртэл бичих юмаа. Тэр сайхан дуунуудыг дуулаад өөрийн эрхгүй хамар шархирлаа. Тэгээд би ч гэсэн дуртай хэдэн мөртийг доор бичэе гэж бодлоо. Р. Чойном, Миний Шүтээн найраглалаас:
...Шүтлэгтэн биш гэлээ ч
Шүтдэг ганцхан шүтээнтэй
Огторгуй тэнгэрт би шүтдэггүй
Од гаригт би шүтдэггүй
Онгон догшин байгалийн
Сүрт үзэгдэлд би шүтдэггүй
Олны хэл хараал ерөөлд би шүтдэггүй
Нүд аних хувь тавиланд би шүтдэггүй
Нүгэл буян бурхан чөтгөрийг би шүтдэггүй
Би эмэгтэй хүнийг шүтдэг
Би эх хүнийг шүтдэг
Би ЭЭЖИЙГЭЭ ШҮТДЭГ...
Та энэ шүлгийг Сосорбарам гавьяатын уншснаар видео бичлэгийг үзье гэвэл энд дарж
ороорой. Миний видео цуглуулга байгаа юм.

Barimalch said...

Manai omnoh uyiinhen buyu 3-5 huuhedtei baisan humuus bidnii uyiin hajuud 1 sayhan huntei orniig 2 say bolgoson darhan gavyatai humuus baina daa. Soyol irgenshil n ch ovoo aytaihan inkubatoriinh baij.

Sayhnii medeegeer zarim odort UB-d 46 huuhed mendelj baigaa n ongorson jiliinhees 2 dahin ih baina gesen. Terend n daraa ochij baigaad ovoo huchin zutgenee.

Ehiin ach gej yaridag manai ulamjilalt uhaan baruunii uhaanaas yamar ch baisan heden shat iluu baidgiig haruulj magad.

Chandmani said...

Ээжийгээ саначихлаа байна...

erhtsas said...

Үнэхээр гоё дурсамж байна,яг л хажууд суугаад намуухаан дуугаар Ижийнхээ тухай ярьж байгаа юм шиг нэг л гоё байлаа.
Тэнгэр шиг ачлал Таных шүү, ээж ээ
Дэлхий шиг хүндлэл минийх шүү, ээж ээ.

Арсун said...

Sauhan bichjee.

Duraaraa said...

Yamar goy bichleg ve... Nudend nulims tsiilegnev..thank you!
p.s. tanii blog-g link-n dree tavila sho kkk.

Destiny said...

yasan saihan dursamj be? Bi eejiinhee derged baihdaa ih l muudaltsdag baisan san. Odoo bodohod erhleh argaa ereed baisan ni ter bololtoi. Eej aav mini namaig oyutan baihad hol surdag yum geed l khoshuu devsengui baih, bi ch gesen gadaadad baidag biz dee gej ter ued orosod surch baisan egch mini uilj bilee. Eejeeree zagmuulah hurtel saihan shuu.

Destiny said...

Bas neg yum nemvel manaihnii bair sav gej yasan saihan buh baisan yum be? gertee sags, hul bumbug tas nyas hiitel toglono. Hun amitan heruul hiij baisniig barag ul sanana. Odoo bol manai huu gert usrehed manai baishin dorgih shig boldog.

Bibby said...

Би бас цасыг их л мөрөөдөн хүн бүрт л хэлж бна, саяхан ангийнхан маань явж гулгасан л гэнэ. Таных шиг миний хүслийг биелүүлж Энэтхэгт цас ордоггүй л юм бхда (санаа алдав) цас гэээч зүйлийг 4жил дахин харахгүй. Дээр нь тракторын мөр гаргахгүй, байлдаж тоглохгүй .
Өнөөдөр цагаан сараар гэртээ очцон бна гэж зүүдэлж бтал нэг нөхөр хаалга тогшоод сэрчлээ , Ээжийгээ үе үе их санахын, багын дурсамж сэдрээчлээ бна. Бадарч гуйан энэ шүлэг их гоё шүү. Эхийн сэтгэл Эх хүний сэтгэлийг яг гаргаж өгсөн бдаг юм. Ээж нар гэж ийм л хүмүүсдээ, дээх нь 25р "БИ" нэвтрүүлэгээр Бадарч гуай ороод ижийгээ дурсан ихэр татан уйлж бхыг үзэж билээ.

ЭЭЖЭЭ ТАНДАА ХҮҮ НЬ ХАМГААС ИЛҮҮ ХАЙРТАЙ, ТА МИНЬ ӨЧҮҮХЭН ХҮҮГИЙНХЭЭН ШҮТЭЭН НЬ БИЛЭЭ

Зүүдний тэмдэглэл said...

Ээжийн тухай их сайхан бичжээ. Би ээжийгээ бас сайн мэддэггүй юм аа. Уг нь нэлээд том болсон хойноо ээжийгээ алсдан ч ухаан гүйцэд суугаагүй байсан юм болов уу даа. Гэхдээ л энэ бичлэгийг уншаад ээжийгээ эрхгүй бодож, хамар шархираад ирэх юм.
Ээж гэдэг хүн хамгаас эрхэм дээ. Ээж тань урд удаан наслах болтугай.
Үрэл гэдэг модоороо
Өлгийг минь сийлсэн аав минь дээ
Өвлийн шөнийн хүйтэнд нь
Өндийж хөхүүлсэн ээж минь дээ
гээд дуулахаар л хоолой зангирчихаад болдоггүй юм даа.

ZAYA said...

Ээжийн тухай бичлэг уншихаар, дотоод хүчээ нэг сэлбээд авах шиг болдог юм шүү.
Сайхан бичжээ.